2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ болон улсын байцаагчийн дүгнэлтээр үндсэн хийц бүтээц нь норм, стандартын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болсон нь тогтоогдсон 106 барилгын жагсаалтад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 13, 17, 18, 19 дүгээр байр багтсан байна. Тус барилгууд нь 1970 оноос өмнө баригдсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтийн эрсдэлтэй барилгад хамаарч байна.
Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсээс дээрх барилгуудын оршин суугчдад дахин төлөвлөлтийн эрх зүйн орчин, хэрэгжүүлэх үе шат болон иргэдийн оролцооны талаар мэдээлэл өгөх ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

Тус хэлтэс нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон боловч Нийслэлийн Засаг даргын дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр хараахан гараагүй байгаа байршлуудад урьдчилан мэдээлэл хүргэж, иргэдийг дахин төлөвлөлтийн үйл явцад эртнээс бэлтгэлтэй оролцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, барилгын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх, иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихын зэрэгцээ дахин төлөвлөлтийн талаар зөв ойлголт, мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор үе шаттай уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм.

Сууз өмчлөгчдийн 80 хувийн санал, дэмжлэг бүрдсэн тохиолдолд холбогдох журмын дагуу нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэх бөгөөд энэ талаар иргэдэд нээлттэй, ойлгомжтой мэдээлэл хүргэж, санал оролцоог хангах нь төслийн хэрэгжилтийн чухал суурь болдог билээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна