“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь орон сууцны дахин төлөвлөлтийн төслүүдийг чанартай, үр өгөөжтэй хэрэгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор барилгын салбарын үндэсний томоохон бүтээн байгуулагчидтай долоо хоног бүр уулзаж санал солилцон ажиллаж байна.

Эдгээр уулзалтаар компанийн хэрэгжүүлж буй төслүүдийг сонирхож буй аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтад оролцох нөхцөл, шаардлага, санал боловсруулахад анхаарах асуудал, холбогдох норм, стандарт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч байна. Түүнчлэн төсөл хэрэгжих байршил, орчны онцлогийг харгалзан зураг төсөл боловсруулах, оршин суугчидтай нээлттэй харилцаж, харилцан ашигтай, шударга хэлэлцээр байгуулах боломжийн талаар ярилцаж байгаа юм.

Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Газрын дарга Б.Пүрэвсүрэн болон Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ц.Болорцэцэг нар барилгын зураг төслөөс эхлээд барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, орон сууцны ашиглалт хүртэлх үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлдэг туршлагатай “Монкон Групп” ХХК-ийн төлөөлөлтэй уулзлаа.

“Монкон Групп” ХХК нь 2006 онд барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2010 оноос барилга угсралт, менежментийн салбарт өргөжин ажиллаж ирсэн бөгөөд өдгөө 13 охин компани, 800 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Барилгын салбарт хуримтлуулсан туршлага, мэргэжлийн хүний нөөц, цогц үйл ажиллагаанд тулгуурласан энэхүү уулзалт нь дахин төлөвлөлтийн төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэхэд чухал ач холбогдолтой байлаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна