Колумбын Медельин хотын дахин төлөвлөлтийн хамгийн сонирхолтой жишээнүүдийн нэг бол өндөр уулын налуу дээр байрлах, хотын төвөөс тусгаарлагдсан хорооллуудыг кабель замаар нийтийн тээврийн сүлжээнд холбосон Metrocable төсөл юм. Энэ нь зөвхөн шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн төсөл биш, харин хотын захын бага орлоготой иргэдийн амьдрах орчин, нийтийн орон зай, боловсрол, үйлчилгээний хүртээмжийг зэрэг сайжруулах зорилготой нийгмийн хот байгуулалтын бодлогын нэг хэсэг болсон байна.
Медельин нь уулсаар хүрээлэгдсэн хот бөгөөд хүн амын тодорхой хэсэг нь огцом налуу бүхий бүсүүдэд нягт суурьшсан байдаг. Ялангуяа хотын зүүн хойд хэсгийн Comuna 1, 2 зэрэг дүүргүүдэд амьдардаг иргэд хотын төв болон ажлын байр, сургууль, үйлчилгээний газруудад хүрэхэд хүндрэлтэй байв. 2004 онд Metrocable-ийн анхны K шугам ашиглалтад орохоос өмнө зарим иргэд хотын төвд хүрэхийн тулд хэд хэдэн төрлийн автобус ашиглаж, 90 минутаас дээш хугацаа зарцуулдаг байсан талаар Медельиний метро мэдээлжээ.
Энэ асуудлыг шийдэхийн тулд хотын захиргаа уулын налууг даган урт зам, гүүр, шинэ авто зам барихын оронд агаарын кабель тээврийг метроны системтэй холбох шийдлийг сонгосон байна. 2004 оны наймдугаар сарын 7-нд ашиглалтад орсон K шугам нь дэлхийн анхны хотын нийтийн тээврийн зориулалтаар тогтмол ажилласан кабель замын систем болсон юм. 2.07 км урт уг шугам Acevedo метроны буудлыг Santo Domingo орчимтой холбож байв.
Төслийн үр дүн хурдан мэдрэгдсэн байна. Медельиний метроны мэдээллээр Comuna 1, 2-ын ойролцоогоор 240 мянган оршин суугч хотын бусад хэсэгтэй илүү сайн холбогдох боломжтой болж, хотын төв хүрэх хугацаа ойролцоогоор 90 минутаас 30 минут хүртэл буурчээ. Metrocable нь үндсэн метроны системтэй нэгтгэгдсэн тул зорчигчид нэг тасалбараар хотын илүү өргөн хүрээнд зорчих боломжтой болсон байна.
Гэхдээ Медельиний жишээний хамгийн чухал хэсэг нь кабель зам өөрөө биш юм. Хотын захиргаа Metrocable-ийг Proyecto Urbano Integral буюу PUI хэмээх цогц хот байгуулалтын хөтөлбөртэй хослуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэг буудал бариад орхилгүй, түүний эргэн тойронд парк, номын сан, сургууль, явган хүний зам, нийтийн талбай, үйлчилгээний төв зэрэг байгууламжуудыг давхар хөгжүүлжээ.
Ингэснээр тээврийн дэд бүтэц нь тухайн бүсийн нийтийн орон зайг шинэчлэх хөшүүрэг болсон байна. Жишээлбэл, España Library, станцуудын орчмын парк, явган хүний зам, хотын гудамж, боловсролын болон бизнесийн үйлчилгээний байгууламжуудыг нэгэн зэрэг хөгжүүлсэн нь тухайн хорооллыг зөвхөн зорчиход хялбар болгохоос гадна амьдрах орчныг нь өөрчлөхөд чиглэжээ.
Энэ бодлогыг тухайн үеийн хотын удирдлагууд “Social Urbanism” буюу нийгмийн хот байгуулалт гэж тодорхойлж байв. Үндсэн санаа нь хотын хамгийн их орхигдсон, үйлчилгээ муутай бүсүүдэд зөвхөн нэг асуудлыг шийдэх бус, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг зэрэг хүргэх явдал байжээ. Судалгаагаар Metrocable нь хөдөлмөр эрхлэх боломжийн хүртээмжийг нэмэгдүүлж, зарим хэрэглэгчдийн аяллын хугацаа, зардлыг бууруулсан үр дүнтэй байсныг тэмдэглэсэн байна.
Мөн төслийг хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог чухалчилжээ. Төслийн өмнөх үеэс Metro de Medellín болон хотын захиргаа оршин суугчидтай уулзаж, орон нутгийн хороодтой хамтран ажилласан байна. Энэ нь шинэ дэд бүтцэд итгэх итгэлийг бий болгох, тухайн бүсийн хэрэгцээг ойлгоход чухал байсан гэж судлаачид тэмдэглэжээ.
Metrocable ашиглалтад орсноор зөвхөн зорчих хугацаа багассангүй. Тус бүсэд худалдаа үйлчилгээ, жижиг бизнесүүд нэмэгдэж, оршин суугчдын хоттой харилцах харилцаа өөрчлөгдөж эхэлсэн байна. Судалгаанд мөн иргэдийн өөрийн амьдарч буй хорооллоороо бахархах мэдрэмж нэмэгдсэн талаар дурдсан байдаг.
Гэхдээ энэ төслийг зөвхөн амжилтын түүх гэж харах нь өрөөсгөл. Судалгаагаар Metrocable бүх оршин суугчдад адил хэмжээгээр ашиг тусаа өгсөн гэж үзэх боломжгүй бөгөөд хамгийн бага орлого, боловсролын түвшинтэй хэсгийн иргэдийн хэрэглээ харьцангуй бага байсныг тэмдэглэсэн байдаг. Мөн кабель зам дангаараа гэмт хэргийн асуудлыг шийдсэн гэх дүгнэлт хийх боломжгүй.
Гэсэн хэдий ч Медельиний туршлагаас авах хамгийн чухал сургамж нь дахин төлөвлөлтийг зөвхөн барилга барих үйл явц гэж хараагүйд оршино. Хотын төвөөс алслагдсан иргэдэд шинэ орон сууц барьж өгөхөөс илүүтэйгээр тэднийг хотын эдийн засаг, боловсрол, үйлчилгээ, нийтийн орон зайтай холбох дэд бүтцийг бий болгосон байна.
Өөрөөр хэлбэл, Медельин хотын хувьд кабель зам нь зөвхөн тээврийн хэрэгсэл биш, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах хот төлөвлөлтийн хэрэгсэл болсон юм. Уулын налуу дээрх хорооллыг хотын төвтэй холбож, станцын эргэн тойронд сургууль, номын сан, парк, нийтийн талбай, бизнесийн үйлчилгээ бий болгосноор тээврийн нэг төсөл бүхэл бүтэн хотын орчны шинэчлэлийн эхлэл болж чаджээ.
Өнөөдөр 2004 онд ашиглалтад орсон K шугам 20 гаруй жил ажиллаж байна. Медельиний метроны 2024 оны мэдээллээр уг шугам хоёр арван жилийн хугацаанд 260 сая гаруй зорчигч тээвэрлэсэн бөгөөд хотын нийгмийн оролцоо, хот байгуулалтын шинэчлэлийн бэлгэ тэмдэг болсон байна.
Медельиний кейсийн гол санааг нэг өгүүлбэрээр хэлбэл: хотын захад байгаа иргэдийг хот руу нүүлгэхийн оронд хотыг тэдэнд хүргэж өгсөн явдал юм. Энэ нь ялангуяа уулын бэл, гэр хороолол, алслагдсан дүүрэг ихтэй хотуудын хувьд дахин төлөвлөлтийг хэрхэн зөвхөн барилга бус, тээвэр, нийтийн орон зай, боловсрол, үйлчилгээтэй уялдуулж болохыг харуулсан сонирхолтой туршлага юм.
Эх сурвалж
Бэлтгэсэн: Б.Энхжин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна