Хотын дахин төлөвлөлт гэдэг нь зөвхөн хуучин барилгыг буулгаж, оронд нь шинэ барилга байгууламж барих тухай ойлголт биш. Харин тухайн газрын зориулалт, орчны зохион байгуулалт, тээвэр, ногоон байгууламж, иргэдийн амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчлөх боломжтой үйл явц юм. Германы Фрайбург хотын Vauban дүүрэг үүний тод жишээ болж байна. Хуучин цэргийн баазыг автомашинд бус хүнд зориулсан, экологид ээлтэй шинэ хороолол болгон хөгжүүлсэн нь дэлхийн хот төлөвлөлтийн анхаарал татсан туршлагуудын нэг болжээ.
Vauban дүүргийн түүх 1930-аад оноос эхэлдэг. Тухайн үед тус газарт Германы армийн цэргийн бааз байгуулсан бөгөөд Дэлхийн II дайны дараа Францын зэвсэгт хүчин ашиглаж байв. Францын цэргүүд 1992 онд тус газрыг орхисны дараа хотын төвийн ойролцоох томоохон газар эзэнгүй үлджээ. Фрайбург хот уг талбайг дахин ашиглах боломж гэж үзэн хуучин цэргийн зориулалттай бүсийг шинэ орон сууцны дүүрэг болгон хөгжүүлэхээр шийдсэн байна.

Төлөвлөлтийн ажил 1990-ээд оны дунд үеэс эхэлж, 1998 онд анхны оршин суугчид Vauban-д нүүж иржээ. Өнөөдөр тус дүүрэгт 5,000 гаруй хүн амьдарч, орон сууц, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, үйлчилгээ, нийтийн талбай зэрэг өдөр тутмын хэрэгцээний байгууламжууд нэг дор төвлөрсөн байна. Ийнхүү өмнө нь хотын амьдралаас тусгаарлагдсан цэргийн бүс хэдхэн жилийн дотор амьдрах орчин бүхий шинэ хотын дүүрэг болж өөрчлөгджээ.
Vauban-ыг бусад дахин төлөвлөлтийн төслөөс ялгаруулдаг гол зүйл нь автомашины хэрэглээг багасгахад чиглэсэн төлөвлөлт юм. Энд автомашиныг бүрэн хориглоогүй ч орон сууцны дотоод орчныг автомашины хөдөлгөөнд бус явган хүн, дугуйчинд илүү тохиромжтой байдлаар зохион байгуулжээ. Машины зогсоолуудыг ихэвчлэн дүүргийн зах хэсэгт төвлөрүүлж, оршин суугчдыг автомашинаа орон сууцныхаа үүдэнд байршуулах шаардлагагүй болгох зарчим баримталсан байна.
Гэхдээ автомашины хэрэглээг бууруулахын тулд зөвхөн зогсоолыг хязгаарлах нь хангалтгүй. Vauban-д үүнийг нийтийн тээвэр, явган болон дугуйн зам, үйлчилгээний хүртээмжтэй уялдуулсан байна. 2006 онд трамвайн шугам ашиглалтад орсноор дүүргийн оршин суугчид Фрайбургийн төв болон бусад хэсэгт автомашингүйгээр зорчих боломжтой болсон. Мөн дэлгүүр, сургууль, цэцэрлэг зэрэг өдөр тутмын хэрэгцээний газруудыг орон сууцтай ойр байрлуулсан нь автомашинаар зорчих хэрэгцээг улам бууруулжээ.

Тиймээс Vauban-ийн гол санаа нь “машин хэрэглэхийг хориглох” бус, машингүй амьдрах бодит боломжийг бий болгох явдал байв. Энэ нь өнөөгийн хот төлөвлөлтийн чухал зарчим болж байна. Хэрэв хүн ажил, сургууль, дэлгүүр, нийтийн тээвэрт явганаар хүрч чадахуйц орчинд амьдарч байвал хувийн автомашинаас хамааралтай байх шаардлага багасна.
Дүүргийн өөр нэг чухал хэсэг нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга юм. Төлөвлөлтийн явцад бага эрчим хүч хэрэглэдэг барилга байгууламж барих шаардлагыг тавьж, нарны эрчим хүч ашиглах, дулааны алдагдлыг бууруулах зэрэг шийдлийг өргөн нэвтрүүлсэн байна. Vauban-д байрлах Solar Settlement нь хэрэглэснээсээ илүү эрчим хүч үйлдвэрлэх PlusEnergy концепцыг хэрэгжүүлсэн барилга байгууламжийн жишээ юм.

Ногоон байгууламжийг ч мөн дүүргийн төлөвлөлтийн чухал хэсэг болгосон. Хуучин моддыг аль болох хадгалж, барилгуудын хооронд ногоон орон зай бий болгосноор оршин суугчдын амрах орчин болон хотын байгаль орчны чанарыг сайжруулжээ. Ийнхүү Vauban-ийн дахин төлөвлөлт нь зөвхөн орон сууцны тоог нэмэгдүүлэх бус, хүмүүсийн амьдрах орчны чанарыг бүхэлд нь сайжруулах зорилготой байв.
Төслийн бас нэг онцлог нь иргэдийн оролцоо юм. Хуучин цэргийн баазыг хэрхэн ашиглах талаар оршин суугчид, хотын захиргаа, архитектор, хот төлөвлөгчид хамтран хэлэлцэж, экологийн болон автомашины хэрэглээ багатай шинэ хороолол байгуулах санааг хөгжүүлсэн байна. Иргэдийн санаачилгыг нэгтгэсэн Forum Vauban байгууллага энэ үйл явцад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Ингэснээр Vauban нь зөвхөн хуучин цэргийн талбайг орон сууцны зориулалтаар ашигласан төсөл биш болсон юм. Тус газар шинэ тээврийн соёл, эрчим хүчний хэмнэлт, ногоон байгууламж, иргэдийн оролцоо, хүн төвтэй нийтийн орон зайг нэг дор туршсан хот төлөвлөлтийн шинэ загвар болжээ.

Гэсэн хэдий ч Vauban-ийг төгс, ямар ч асуудалгүй төсөл гэж үзэх боломжгүй. Автомашины зогсоолын зохицуулалт, автомашин эзэмшдэг болон эзэмшдэггүй иргэдийн хэрэгцээг тэнцвэржүүлэх зэрэг асуудал төслийн хэрэгжилтийн явцад маргаан дагуулж байсан. Гэхдээ эдгээр асуудлыг үл харгалзан дүүрэг автомашины хэрэглээг бууруулах, нийтийн тээврийг нэмэгдүүлэх, экологийн амьдралын хэв маягийг дэмжих боломжтойг бодитоор харуулсан байна.
Vauban-ийн туршлагаас Улаанбаатар зэрэг эрчимтэй тэлж буй хотууд ч тодорхой сургамж авч болох юм. Шинэ хороолол төлөвлөхдөө зөвхөн орон сууцны барилга байгууламжийн тоог нэмэгдүүлэхээс илүүтэй сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, явган болон дугуйн зам, ногоон байгууламжийг нэг систем болгон төлөвлөх шаардлагатай. Ингэснээр иргэд өдөр тутмын хэрэгцээгээ ойр орчноосоо хангаж, автомашины хэрэглээ болон түгжрэлийг бууруулах боломж бүрдэнэ.

Vauban-ийн хамгийн том сургамж нь хотын иргэдийг автомашинаас татгалзуулахын тулд машиныг шууд хориглох бус, автомашингүйгээр амьдрахад тохиромжтой орчныг эхлээд бий болгох явдал юм. Хуучин цэргийн бааз байсан газар өнөөдөр олон мянган хүний амьдрах орчин болсон төдийгүй тогтвортой хот төлөвлөлтийн туршлага болж чаджээ.
Энэ кейс дахин төлөвлөлтийн зорилго зөвхөн “хуучныг шинэ болгох” бус, хүмүүс хэрхэн амьдрах хотыг шинээр төлөвлөх боломж гэдгийг харуулж байна. Vauban-д барилга байгууламж өөрчлөгдсөнөөс гадна автомашинд давамгайлсан хотын хэв маягийг хүн төвтэй, ногоон, нийтийн тээвэрт түшиглэсэн орчноор солихыг зорьсон нь төслийн хамгийн үнэ цэнтэй тал юм.
Бэлтгэсэн: Б.Энхжин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна