Өчигдөр /2026.07.03/ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-4 байршлын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан "Таван шар апартмент" шинэ орон сууцны нээлт, сууц өмчлөгчдөд түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр, 18-р хорооны засаг дарга Л.Хишигдэлгэр, НИТХ-ын төлөөлөгчид Ц.Төрхүү, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар нар болон нийслэлийн холбогдох байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл, сууц өмчлөгчид оролцлоо.

Улаанбаатар хотод анхны нийтийн зориулалттай орон сууцны барилгууд 1954-1958 оноос ашиглалтад орж эхэлсэн бөгөөд өнөөдөр тэдгээрийн олонх нь 70 гаруй жилийн насжилттай болж, физик элэгдэлд орон ашиглалтын шаардлага хангахаа больсон байна. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэж тогтоогдсон 675 орон сууцны барилга байгаагаас 375 барилгыг дахин барилгажуулах шийдвэр гарч, 204 барилгад дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна.

Эдгээр төслийг илүү шуурхай, мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх зорилгоор НИТХ-ын 2024 оны тогтоолоор "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар компанид 93 байршил шилжин ирж, 24 төслийг амжилттай эхлүүлэн ажиллаж байгаа билээ.

Шинээр ашиглалтад орж буй СТ-4 байр нь 1960 онд ашиглалтад орсон бөгөөд 2016 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэгдэн цаашид ашиглахыг хориглосон барилга байв. Төсөл 2022 онд эхлэхээр төлөвлөгдсөн ч тодорхой шалтгааны улмаас хэрэгжилт удааширсан бөгөөд 2025 онд "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д шилжин ирснээр төслийг "Гартаам Агат" ХХК үргэлжлүүлэн хэрэгжүүлж, батламж гардан авснаас хойш 11 сар 15 хоногийн дотор бүрэн цутгамал 16 давхар шинэ орон сууцыг ашиглалтад оруулахад бэлэн болголоо.

Энэхүү төсөл нь "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК байгуулагдсанаас хойш ашиглалтад орж буй анхны дахин төлөвлөлтийн төсөл бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө амжилттай хэрэгжсэнээрээ онцлог юм. Энэ нь төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагаа, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хариуцлагатай гүйцэтгэл, оршин суугчдын ойлголцол, хамтын оролцооны бодит үр дүн болж байна.
Цаашид ч Улаанбаатар хотын ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг үе шаттайгаар шинэчилж, иргэдийг аюулгүй, чанартай, тав тухтай орчинд амьдруулах, нийслэлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна