Нийслэлийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/215 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 200, 201, 202 дугаар байрны дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэдийн санал, хүсэлт, гомдол, маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр оршин суугчидтай уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр иргэд, оршин суугчид өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн санхүүгийн чадамжид итгэх боломжгүй болсон талаар байр суурь илэрхийлж байлаа.

Харин “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хувьд энэхүү гацсан төслийг амжилттай дуусгах үүднээс, бизнес төлөвлөгөө боловсруулан, тухайн байршилд дахин сонгон шалгаруулалт зарлаж, шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусган барилгын ажлыг бүрэн дуусгах саналыг ажлын хэсэгт хүргүүлээд байгаа юм.
Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсэг өнөөдөр /2026.02.27/ дахин хуралдаж, Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд шаардлагатай санхүүжилтийг тусгуулахад чиглэсэн баримт, нотолгооны материалыг бүрдүүлэх ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь А блокын барилгын чанарын дүгнэлтийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар гаргуулах, оршин суугчидтай байгуулсан 2 болон 3 талт гэрээг нягтлан иргэдийн шинэ байрны талбайн хэмжээг хуучин байрны талбайн хэмжээнд нийцүүлэн баталгаажуулах ажлыг гүйцэтгэхээр тогтлоо.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна