Нийслэлийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/215 дугаар захирамжаар дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 201 дүгээр барилга, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-5 дугаар байртай холбоотой өмчлөгч иргэдийн санал, хүсэлт, гомдол, маргаантай асуудлыг судлан хэлэлцэх, холбогдох шийдвэрийн санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

Уг захирамжийн хүрээнд 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажлын хэсгийн дарга Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох гишүүд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 201 дүгээр барилгын дахин төлөвлөлтийн удааширсан төслийн асуудлаар цуцлагдсан төсөл хэрэгжүүлэгч “Ай Ди Си Проперти” ХХК болон гурван талт гэрээ байгуулсан сууц өмчлөгчдийг хүлээн авч уулзалт зохион байгууллаа.

Тус төсөл нь 2019 онд төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн чадамжтай холбоотой хүндрэл үүссэнээс шалтгаалан удааширч, өнөөдрийн байдлаар иргэдэд олгох түр суурьшуулах зардал гурван талт гэрээнд заасан хэмжээгээр бүрэн олгогдоогүй. Мөн нөлөөлөлд өртсөн нийт 34 өрхөөс 22 өрх нь А блок, 12 өрх нь Б блокт тус тус захиалга өгсөн боловч А блокийн ашиглалтад орох хугацаа өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа нь иргэдийн зүгээс голлон хөндөж буй асуудал болж байна.
Уулзалтын үеэр 16 давхар барихаар төлөвлөсөн А блокийн 10 давхар хүртэл хийгдсэн карказыг цаашид үргэлжлүүлэн барьж, ашиглалтад оруулах боломж, төрийн оролцооны хэлбэр, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хохиролгүйгээр хамгаалах арга зам зэрэг асуудлаар олон талын хувилбар, гаргалгааг нээлттэй хэлэлцэв.

Цаашид ажлын хэсгийн дараагийн хуралдаанаар иргэд болон “Ай ди си проперти” ХХК компанийн зүгээс ирүүлэх өргөдөл, хүсэлтийг албан ёсоор хүлээн авч, холбогдох санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулахаар тогтлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна