Өнөөдөр /2026.02.10/ Налайх дүүргийн 2 дугаар хорооны 13-32 дугаар байруудыг дахин төлөвлөх асуудлаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал, мэргэжилтэн Н.Базар нар оршин суугчидтай уулзаж, мэдээлэл өглөө.

Уулзалтаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин барихтай холбоотой эрх зүйн болон зохион байгуулалтын үе шат, хэрэгжилтийн явцыг танилцуулж, дахин төлөвлөлтийг дэмжих эсэх талаар оршин суугчдын саналыг авах зорилготой саналын хуудсыг тараалаа. Иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд оршин суугчдын ордер, өмчлөх эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг ханган, саналын хуудсыг нэгтгэх ажлыг тухайн хороо, хэсгийн ахлагч нар хариуцан ажиллахаар боллоо. Барилга тус бүрээр саналын хуудсыг бүрдүүлж, оршин суугчдын дэмжлэг 80 хувьд хүрсэн барилгуудаас дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 675 барилга байгаагийн нэг хэсэг нь Налайх дүүрэгт байрладаг бөгөөд тус дүүргийн 1956-1957 онд баригдсан, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудад 2014-2019 оны хооронд хүн амьдрахыг хориглосон дүгнэлтүүд гарсан байдаг.

Уулзалтын үеэр зарим оршин суугчид барилгын тааз нурж байсан, чийг, мөөгөнцөр ихтэй, амьдрах орчин нөхцөл хүнд байгааг онцолж, Налайх дүүргийг “20 минутын хот” концепцийн хүрээнд төлөвлөж, үйлчилгээ, соёл, захиргааны байгууллагуудтай ойр, өнгө үзэмжтэй орчин бүрдүүлэх замаар дахин төлөвлөлтийг яаралтай эхлүүлэх саналтай байгааг хэллээ.

Энэ талаар Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн Налайх хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө ойрын хугацаанд батлагдах бөгөөд батлагдсан төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна гэдгийг онцоллоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна