Утас : 70101660

Барселонагийн “Superblock” загвар - Хотын орчныг эрс өөрчилсөн Европын өвөрмөц туршлага

Админ
2025/12/02

Барселона хот 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн Superblock (Superilla) хөтөлбөрөөрөө дэлхийн хот төлөвлөлтийн чиг хандлагыг өөрчилсөн цөөн жишээний нэг болж чадсан. Энэхүү загвар нь хотын хуучин хорооллуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, оршин суугчдад зориулсан явган зам, ногоон талбай, олон нийтийн орон зайг эрс нэмэгдүүлэх зорилготой. Superblock-ийн гол санаа нь 9 гудамжийг нэг блок болгон нэгтгэж, түүний доторх автомашины урсгалыг бараг бүрэн хаан, зөвхөн оршин суугчдын хэрэглээний машин эсвэл тусгай үйлчилгээний тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зохицуулалт юм. Ингэснээр блок доторх орчин нь бараг автомашингүй, хүүхэд, явган хүн, дугуйчдад ээлтэй амьдрах орчин болсон ажээ.

Fig. 1

Сүүлийн жилүүдэд Барселона хотын энэ туршлага олон улсын судлаачдын анхаарлын төвд эргэн орж, 2023 - 2025 онд Superblock хөтөлбөрийн бодит үр дүнг тоон мэдээлэл, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээгээр дахин баталжээ. 2025 онд BMC Public Health сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд Superblock-ийн өмнөх ба дараах үеийн агаарын чанар, дуу чимээ, явган хүний идэвх, оршин суугчдын эрүүл мэндийн өөрчлөлтийг системтэйгээр үнэлсэн бөгөөд үр дүн нь өмнөх жилүүдийн анхан шатны судалгаануудыг давтан баталсан байна.

Эрүүл мэнд ба хүрээлэн буй орчны бодит үр нөлөө

Шинэ судалгаануудын нийтлэг нэг дүгнэлт бол Superblock-ийн нөлөөг “хэтрүүлсэн үнэлгээ” биш, харин бодит хэмжилтээр батлагдсан өөрчлөлт гэж үзэх боломжтой болсон явдал юм. Барселонагийн Нийтийн эрүүл мэндийн агентлаг (ASPB) 2021 - 2024 онд явуулсан мониторингийн хөтөлбөрөөр Superblock бүсүүдийн NO₂ хэмжээ дунджаар 25 - 30 хувь буурсан, зарим хэсэгт 40 хувиар буурсан үзүүлэлт бүртгэгдсэн. Дууны бохирдлын хэмжилтэд оройн оргил цагийн дундаж дуу чимээ 5 - 7 дБ-аар буурсан нь WHO стандартаар “хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт” гэж үнэлэгддэг.

Superblock нэвтрүүлсэн дүүргүүдэд явган хүний урсгал 2 - 3 дахин нэмэгдсэн бөгөөд ASPB-ийн судалгаагаар явган эсвэл дугуйгаар зорчих иргэдийн хувь 26 хувиар өссөн нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах “хотын орчны өөрчлөлт”-ийн бодит хэмжигдэхүүн болж байна. Судлаачид эдгээр өөрчлөлтийг зөвхөн замын хөдөлгөөний өөрчлөлт бус, ногоон коридор, явган хүний өргөн талбай, хүүхдийн тоглоомын орон зай нэмэгдсэнтэй шууд уялдаа гэж үзжээ.

Could Barcelona's "Superblocks" Project Work in America? - InsideHook

Хотын орон зайн өөрчлөлт ба нийгмийн үр нөлөө

2023 онд Европын Хорооноос хэвлүүлсэн “Resilience in Action: Barcelona’s Superblock Programme” тайланд Superblock-ийг зөвхөн тээврийн бодлогын арга хэмжээ бус, харин хотын нийгмийн амьдралыг өөрчилсөн бүтцийн шинэчлэл гэж тодорхойлсон. Энд Superblock бүсүүд оршин суугчдын хоорондын харилцаа, олон нийтийн оролцоо, бизнесийн орчны жижиг хэмжээний идэвхжилд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлсэн тухай өгүүлдэг.

Barcelona to expand 'superblocks' to city centre district - Cities Today

Сант Антони, Побленоу зэрэг дүүргүүдэд эхний жилд л шинэ кафе, жижиг ресторан, орон нутгийн гар урлалын дэлгүүрүүд нэмэгдэж, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэн нь жижиг бизнесүүдийн үйл ажиллагааг сэргээсэн тухай баримт бий. Судлаачид Superblock-ийг “гудамжийг зөвхөн замын урсгал биш, олон нийтийн орон зай болгох зорилготой орон зайн дахин тодорхойлолт” гэж нэрлэсэн байдаг.

Superblock-ийн хүрээнд бий болсон ногоон байгууламжийн хэмжээ бараг бүх хэрэгжсэн дүүрэгт 3–5 дахин нэмэгдсэн, модлог ургамлын тоо болон сүүдрэвчтэй хэсгүүдийн хэмжээ өссөн нь хотын дулааны арал хэлбэржих үзэгдлийг бууруулахад нөлөөлсөн талаарх анхны тоон мэдээллүүд гарчээ.

Хотын хөдөлгөөнийг эрс өөрчилсөн шинэ загвар

Барселонагийн Superblock загварыг 2024 онд ScienceDirect-д хэвлэгдсэн томоохон шалгуулсан судалгаанд дэлхийн хотуудын хувьд “эрсдэл багатай, харьцангуй бага өртгөөр үр дүн нь өндөр гардаг хотын шинэчлэл” гэж дүгнэсэн. Нийтэллийн гол санаа нь Superblock-ийн гол амжилт нь автомашины хөдөлгөөнийг хориглосонд бус, харин хотын төлөвлөлтөд “автомашин төвтэй гудамж” гэсэн ойлголтыг халж, “хүн төвтэй орон зай” болгосон явдал гэж тодорхойлжээ.

Fig. 2

Superblock бүсүүдэд ердийн гудамжтай харьцуулахад автомашины хөдөлгөөн 58–70 хувь буурсан бөгөөд энэ нь зөвхөн агаарын бохирдлын үзүүлэлт биш, явган хүний замын аюулгүй байдлыг мэдэгдэхүйц сайжруулсан. Санхүүгийн хувьд Superblock-ийн дундаж хөрөнгө оруулалт нь хотын томоохон замын шинэчлэлттэй харьцуулахад харьцангуй бага, гэхдээ үр өгөөж нь нийгэм, эрүүл мэнд, орчны талаас хэд дахин илүү гарч байгаа тухай тайланд дурдсан.

Superblock - Оршин суугч төвтэй хотын шинэчлэлийн философи

Барселонагийн туршлагаас харахад Superblock бол зам хааж, машин багасгасан энгийн бодлого бус юм. Энэ нь хотын дүүргүүдийг оршин суугчид өөрсдөө хэлэлцэж, санал өгч, оролцох замаар — өөрсдийн гудамж, талбайг дахин эзэмших боломж олгосон систем гэж судлаачид тодорхойлдог. ASPB болон хотын засаг даргын газрын тайлбаруудаас харахад Superblock нь оршин суугчидтай олон шатны зөвшилцөл, оролцоог хослуулдаг нь түүний амжилтын үндэс болжээ.

Эцэст нь Барселона хот 2030 он хүртэл 500 гаруй Superblock-ийг үе шаттайгаар байгуулах зорилт дэвшүүлсэн нь уг хөтөлбөр богино хугацааны туршилт бус, харин хотын ирээдүйн төлөвлөлтийн гол тулгуур бодлого болж хувирсныг илтгэнэ. Хотын төлөвлөлтийн олон улсын шинжээчид Барселонагийн загварыг Европын хотуудын хамгийн амжилттай “low-car cities” хөдөлгөөний төлөөлөл гэж дүгнэдэг.

Эх сурвалж:

https://link.springer.com/article/10.1186/s13690-022-01005-y?fromPaywallRec=false

https://www.sciencedirect.com/science/article/pii/S0013935124004547?

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна