Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байр нь нийт 1690 м² талбай бүхий, 4 давхар, 94 өрхтэй орон сууц юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК дахин төлөвлөлтийн ажлыг хариуцан зохион байгуулж байна.
Уулзалтыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө нээж, компанийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, зорилгын талаар танилцууллаа. Мөн Хөрөнгө оруулалт, бодлогын газрын дарга Б.Шижирбаяр, Барилгын инженер техникийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар болон холбогдох мэргэжилтнүүд оршин суугчдын асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонсов.
Тус байр нь анхнаасаа нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар баригдсан бөгөөд хуульд зааснаар аж ахуйн нэгжийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломжгүй. Гэвч одоогоор байрны нэг давхарт үйлчилгээ эрхлэгчид цөөнгүй байдаг байна. Энэ нь дахин төлөвлөлтийн ажил удаашрахад буюу харилцан тохиролцоход хүндрэл үүсэх магадлалтай тул, иргэд эв санаагаа нэгтгэх нь төслийг эхлүүлэх гол хүчин зүйл гэдгийг онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна