Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, орон нутгийн хэмжээнд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх туршлага, менежмент, эрх зүйн зохицуулалтыг харилцан солилцох зорилгоор 2026 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д Сүхбаатар аймгийн Сүхбаатар хот байгуулалт, орон сууц, барилга захиалагч ОНӨААТҮГ-ын удирдлага, инженерүүд УБОС ХХК-тай туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллыг орон сууцжуулах бодлого, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барих төслийн хэрэгжилт, иргэдийн оролцоог хангах арга хэлбэр, төсөл хэрэгжүүлэх менежмент болон эрх зүйн зохицуулалтын талаар туршлага солилцож байна.

Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг бодит туршлагад тулгуурлан хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хот байгуулалтын хөгжлийг дэмжих, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид өнөөдөр /2026.08.06/ дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа, үнэлгээний хорооны зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 22, 26, 30 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн явц, түр суурьшуулах 813, 814 дүгээр байр болон Сэлбэ-50 айлын орон сууцны барилгын үйл ажиллагаатай танилцах юм.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна