Өчигдөр /2026.04.29/ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 40 мянгатын 22, 23, 25 дугаар байрны дахин төлөвлөлтийн асуудлаар оршин суугчдад мэдээлэл өглөө. Тус барилгууд нь 1963 онд ашиглалтад орсон, 4 давхар бөгөөд 2019 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан ч өнөөг хүртэл дахин төлөвлөлтөд хамруулах Засаг даргын захирамж гараагүй байна.

Уулзалтын үеэр дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны үе шат, холбогдох хууль эрх зүйн орчин, оролцогч талуудын хамтын ажиллагааны зохион байгуулалтыг танилцуулж, оршин суугчдыг тус хуучин орон сууцны дахин төлөвлөлтийг дэмжих эсэх саналын хуудсаа бөглөхийг уриаллаа. Санал 80 хувьд хүрч, оршин суугчид дэмжсэн тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулах ажлыг шуурхай зохион байгуулах болно гэдгийг Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал онцлолоо.

Мөн өмнөх жилүүдэд дахин төлөвлөлтийн төслүүд удаашрах шалтгаан нь барилга буулгах, барих зөвшөөрөл авах, эскиз зураг батлуулах, техникийн нөхцөл гаргуулах зэрэг олон шат дамжлагыг төсөл хэрэгжүүлэгч дангаараа хариуцаж, төрийн байгууллагуудын уялдаа сул байдлаас үүдэн хугацаа алдах явдал түгээмэл байсантай холбоотойг дурдлаа. Харин төрийн өмчит компанийн зохион байгуулалт нэвтэрснээр дээрх зөвшөөрөл, зохицуулалтын ажлуудыг төвлөрүүлэн шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж, төслийн хэрэгжилтийн хугацааг богиносгох давуу тал бий болсон билээ.
Өнөөдөр /2026.04.30/ тус хорооны 50 мянгатын 23, 25 дугаар байрны сууц өмчлөгчдөд зориулсан мэдээлэл өгөх уулзалтыг 17:30 цагт 2 дугаар хорооны Иргэний танхимд товлосон тул сууц өмчлөгч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна