Утас : 70101660

Австрийн “Modular Housing” - Түргэн угсрах уян хатан орон сууцны систем Вена хотын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж байна

Админ
2025/12/04

Австри, тэр дундаа Вена хотын орон сууцны бодлого Европт үлгэр жишээ гэж тооцогддог. Хэдий тийм боловч хотын хүн ам тасралтгүй нэмэгдэж, нийгмийн орон сууцны эрэлт өндөр хэвээр байгаа өнөө үед уламжлалт барилгын аргачлал хурд, өртөг, уян хатан байдлын шаардлагыг хангахад хүндрэлтэй болсон. Энэ нөхцөлд Вена хот 2016 оноос эхлэн “modular housing” буюу үйлдвэрт урьдчилан үйлдвэрлэсэн модуль хэсгүүдийг богино хугацаанд угсарч барьдаг орон сууцны системийг бодит бодлого болон нэвтрүүлсэн.

Wood Housing SEESTADT ASPERN / Berger Parkkinen + Architects + Querkraft |  ArchDaily

Энэ шинэ арга нь орон сууцны хомсдолтой тэмцхээс гадна дахин төлөвлөлтийн төслүүдийн явцад оршин суугчдын түр шилжилт хөдөлгөөн, холбогдох асуудлуудыг мэдэгдэхүйц бууруулж чаддаг учраас хамгийн ирээдүйтэй шийдлүүдийн нэг гэж үнэлэгдэж байна. Вена хотын орон сууц, дахин төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагууд болох Wohnservice Wien, Wiener Wohnen болон IBA-Wien зэрэг байгууллагууд modular системтэй төсөл хэд хэдийг амжилттай хэрэгжүүлж, тэдгээрийн үр дүнг 2023–2025 онд шинэчлэн дүгнэсэн нь энэ технологийн бодит давуу талыг нотолсон.

Overview

Overview

Modular housing-ийн хамгийн тод жишээний нэг нь Podhagskygasse нэртэй төсөл юм. Энэ нь үйлдвэрийн орчинд бүрэн угсрагдсан модон модуль хэсгүүдийг олон давхарт “өрж” нэгтгэн байгуулсан шийдэл бөгөөд бүхэл бүтэн орон сууцны барилгыг ердөө есөн сарын дотор ашиглалтад оруулсан нь Европт ч, олон улсад ч гайхалтай богино хугацаанд тооцогддог. Модуль системийн ачаар барилгын бүх хэсэг — өрөө, ханын блок, инженерийн тохируулга, дулаалга, сантехникийн хэсгийн суурилуулалт — үйлдвэрт хийж дууссан байдаг тул талбай дээрх барилгын хугацаа огцом буурдаг. Podhagskygasse нь зөвхөн хурдан босгосон барилга биш, харин дахин задлаад өөр байршилд угсрах боломжтой “re-locatable housing” гэсэн давуу талтай нь Вена хотын газар ашиглалтын бодлогод онцгой уян хатан байдлыг нэмсэн.

IBA_Vienna - New Social Housing

Seestadt Aspern гэх томоохон хөгжлийн бүсэд modular болон prefabricated барилга өргөн ашиглагдаж байгаа нь Вена хотын энэхүү хандлагыг том системийн хэмжээнд хэрэгжүүлж буй тод жишээ юм. Aspern бол 240 га талбайтай, олон үе шаттай супер-төслийн нэг хэсэг бөгөөд хүн ам, дэд бүтэц, үйлчилгээ, ажлын байр, ногоон байгууламжийг иж бүрэн хослуулсан шинэ хотын загвар юм. Энэ том хот төлөвлөлтийн бүсэд модульчлагдсан барилга нь зөвхөн түр орон сууц биш, харин байнгын оршин суух зориулалттай, энергийн өндөр үр ашигтай, модон болон металл бүтэцтэй хосолсон барилгуудын нэг хэсэг болдог. Ийм барилгууд нь үйлдвэрлэлийн шатанд хяналттай, хаягдал багатай тул барилгын салбарын нүүрстөрөгчийн ялгарлыг огцом бууруулах бодлоготой нийцэж байна.

Вена хотын нийтийн орон сууцны менежментийн байгууллага болох Wiener Wohnen ч бас өмнөх жилүүдэд модуль системийг ашиглан хотын хуучин орон сууцны хэсэгчилсэн шинэчлэл, өргөтгөл хийх боломжийг судалж, 2024 оны үнэлгээндээ энэ технологи нь олон давхрын барилгуудын хажуу, дээвэр, гадна талд шинэ модуль нэгж “залгахад” тохиромжтой гэж дүгнэсэн. Энэ нь байнгын нүүлгэн шилжүүлэлт хийх хэрэгцээг багасгаж, дахин төлөвлөлтийн явцад оршин суугчид байрандаа үлдэх боломжийг олгодог тул засварын үеийн нийгмийн дарамт эрс буурдаг.

Wood Housing Seestadt Aspern / Berger Parkkinen + Architects + Querkraft |  ArchDaily

Modular housing-ийн хамгийн чухал давуу тал нь зөвхөн хурдан баригддаг болох нь биш. Энэ систем нь барилгын өртгийг илүү тогтвортой байлгаж, материалыг үйлдвэрт стандартын дагуу үйлдвэрлэдэг тул чанарын зөрүү, барилгын алдаа багасдаг гэж Вена хотын судалгаанд өгүүлжээ. Мөн модуль системийн материалын хэрэглээ илүү оновчтой, хаягдал бага тул барилгын үйл ажиллагааны байгальд үзүүлэх нөлөөг мэдэгдэхүйц бууруулдаг. Үүний дээр модон модуль барилга нь CO₂ шингээх чадвар өндөртэй, эрчим хүчний үр ашигтай байхаар тооцогддог нь Байгаль орчинд ээлтэй орон сууцны хөгжлийн гол чиг хандлагатай нийцэж байна.

Вена хотын Modular Housing төслүүдийн бодит зураглал нь энэ систем зөвхөн “түр барилга” биш (аустричуудаас сонсогдох түгээмэл ойлголт) харин зохион байгуулалт сайтай, дулаан, тав тухтай, удаан ашиглах боломжтой орон сууцны бүтцүүд болж чаддгийг харуулдаг. Podhagskygasse болон Aspern Seestadt-ийн зургуудаас харахад модуль барилга нь нягтралтай хотын орчинд зохистой нийцэж, гадна архитектурын хувьд орчин үеийн, энгийн хэрнээ цэгцтэй харагддаг.

Эх сурвалж:

https://www.aspern-seestadt.at...

https://www.iba-wien.at/en/pro...

https://www.archdaily.com/9585...

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна