Сингапурын эрх баригчид хуучин HDB орон сууцны хорооллыг нурааж шинээр барих Selective En Bloc Redevelopment Scheme (SERS) хөтөлбөрийг ойрын хугацаанд үргэлжлүүлэхгүй гэдгийг Үндэсний хөгжлийн сайд Чи Хонг Тат 2025 оны 8-р сарын 5-нд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн билээ.
Түүний хэлснээр, Засгийн газрын энэ бүрэн эрхийн хугацаанд гол анхаарах ажил нь сайн дурын эрт үеийн дахин төлөвлөлтийн хөтөлбөр (VERS -Voluntary Early Redevelopment Scheme)-ийн эрх зүйн болон бодлогын үндсийг боловсруулах бөгөөд энэхүү шинэ схемийг 2030-аад оны эхний хагаст хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.
Сингапурын HDB орон сууцны шинэчлэл нь үндсэндээ хоёр төрлийн төрийн хөтөлбөрөөр хэрэгждэг. Үүнд Selective En Bloc Redevelopment Scheme (SERS) болон Voluntary Early Redevelopment Scheme (VERS) багтана.
SERS нь дахин төлөвлөх боломж, газар ашиглалтын потенциал өндөртэй гэж сонгогдсон байрнуудад заавал хэрэгжих хөтөлбөр бөгөөд оршин суугчдад тухайн үеийн зах зээлийн үнэлгээнд тулгуурласан нөхөн олговор, мөн шинээр солих орон сууц авах боломж олгодог.
Харин VERS нь оршин суугчдын сайн дурын үндсэн дээр хэрэгжих бөгөөд илүү насжилттай хуучин байрнуудыг хамардаг. VERS-д оролцох эсэхийг оршин суугчид санал хураалтаар шийдвэрлэнэ. Нөхөн олговорын хэмжээ нь SERS-тэй харьцуулахад илүү даруухан байх төлөвтэй.
VERS-ийн бэлтгэл ажлын хүрээнд:
– Аль байршлуудыг VERS-д хамруулах боломжтойг тогтоох шалгуур үзүүлэлт боловсруулах,
– Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах шинэ орон сууцны нөөцийг цаг тухайд нь бүрдүүлэх,
– Оролцсон иргэдэд шударга, хүлээн зөвшөөрөхүйц нөхөн олговрын багц боловсруулах
зэргийг багтаана.
Сайд Чи-ийн хэлснээр, “VERS-ийн үндсэн загвар, шалгуурыг бүрдүүлсний дараа бид эхлээд хэд хэдэн сонгосон байршлаас туршилтыг эхлүүлнэ. Дараа нь 2030-аад оны сүүлээр үе шаттайгаар өргөтгөж болно” гэсэн юм. Энэ үе гэхэд 1970–1980-аад онд баригдсан олон нийтийн орон сууцнууд 70 жилийн ашиглалтын хугацаандаа ойртсон байх аж.
Хэрэв одоо байгаа 99 жилийн түрээсийн хугацааг зүгээр л “байгалиараа дуусахыг” хүлээвэл 2070–2080-аад онд маш олон оршин суугчийг богино хугацаанд нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсэх тул энэ нь тухайн нутаг оршин суугчдад маш хүндрэлтэй нөхцөл үүсгэнэ гэж тэрээр онцлов.
VERS нь 20 - 30 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжих бөгөөд ингэснээр өндөр настай хорооллуудыг стратегийн дагуу дахин төлөвлөж, газар ашиглалтын үр ашгийг эртнээс нэмэгдүүлэх боломжтой болно.
Сайд хэлэхдээ, VERS-д хамрагдсан өрхүүдийг боломжтой тохиолдолд хажуугийн шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэх бодлого баримтална. Ингэснээр шинээр баригдсан сууц нь дараагийн VERS-д хамрагдах оршин суугчдад “солбих байр” болон ашиглагдаж, хотод учрах нүүлгэн шилжүүлэлтийн дарамтыг бууруулна.
Тэрээр мөн SERS ба VERS-ийн ялгааг тайлбарлахдаа, SERS нь ихэнхдээ газрын дахин ашиглалтын өндөр үр ашигтай, хязгаарлагдмал цөөн бүсэд хэрэгждэг. Харин VERS-ийн хувьд хамрагдах байрууд илүү хуучирсан тул санхүүгийн өгөөж нь харьцангуй бага байх болно гэв.
2022 онд Ang Mo Kio дүүрэгт SERS-д хамрагдсан өрхүүд 1979 онд ашиглалтад орсон орон сууцныхаа бодит зах зээлийн үнэлгээнээс хамааран хамгийн ихдээ 450,000 сингапур доллар хүртэл нөхөн олговор авсан. Үүн дээр нэмээд 30,000 SGD буцаан олголт, 10,000 SGD нүүлгэн шилжүүлэх татаас, мөн солбих орон сууц авахад шаардагдах хууль, бичиг баримтын зардлыг төрөөс бүрэн дааж байсан.
“VERS-ийн нөхцөлүүд нь SERS-ээс илүү даруухан байх болно” гэж сайд Чи мэдэгджээ.
VERS сайн дурын үндсэн дээр хэрэгжих тул оршин суугчид цугларан санал өгч, хамрагдах эсэхээ шийдэх эрхтэй. Хэрэв оршин суугчид VERS-д оролцохыг хүсэхгүй бол тэд гэрээний хугацаа дуусах хүртэл өөрсдийн сууцанд үлдэн амьдрах боломжтой. Энэ тохиолдолд төрөөс тэдний орон сууцыг засварлах, амьдрах орчинг сайжруулах бусад дэмжлэг үзүүлнэ.
Хуучин HDB байрнуудын амьдрах орчинг сайжруулах зорилгоор Засгийн газар Home Improvement Programme (HIP)-ийн хоёр дахь үеийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь одоо хэрэгжүүлж буй HIP-аас илүү өргөн хүрээтэй засвар шинэчлэл байх бөгөөд дэлгэрэнгүй зааврыг ирэх жил танилцуулах аж.
HIP хөтөлбөрийг анх 2007 онд 1986 оноос өмнө баригдсан байрнуудад зайлшгүй шаардлагатай засвар, эрүүл ахуйн стандартыг хангах зорилготой эхлүүлсэн. 2018 онд 1987 - 1997 онд баригдсан байрнуудыг ч хамруулах болгон өргөтгөсөн. Сайд Чи-ийн хэлснээр, HIP хийсэн байрнууд тогтмол арчилгаа хийж чадвал дахин 30 - 40 жил ашиглах боломжтой.
HIP 2-ийн хүрээнд 60-иас дээш жилийн настай байрнуудад хоёр дахь томоохон засвар шинэчлэлт хийнэ. Үүнд ханын цууралтаас хамгаалах, бетоны бутралт засах зэрэг бүтцийн бат бөх байдлыг хангах ажил багтана.
Мөн төрөөс өндөр настай өрхийн эзлэх хувь өндөртэй хуучин хорооллын амьдрах орчныг сайжруулах нэмэлт арга хэмжээ боловсруулж байна. Одоогийн байдлаар HDB-ийн мэдээлэлд Neighbourhood Renewal Programme (NRP), өндөр настнуудад зориулсан Silver Upgrading Programme (SUP) зэрэг дүүргийн сайжруулалтын хөтөлбөрүүд бий.
Харин хувийн орон сууцны хорооллын хувьд Засгийн газар Building Maintenance and Strata Management Act-ийг шинэчлэхээр судалж байгаа бөгөөд энэ нь кондоминиум, өмчлөгчдийн холбоод (MCST)-д засвар шинэчлэлээ илүү үр дүнтэй хийх боломж олгох юм.
Түүнчлэн Accessibility Fund санг өргөжүүлж, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц бий болгох боломжийг нэмж судалж байна. Энэ сан нь барилга эзэмшигчдэд орц гарц, налуу зам, лифт зэрэг хүртээмжийн нэмэлт шийдлүүдийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Сайд Чи мөн 99 жилийн газар ашиглах эрхийн талаар тайлбар хийхдээ, нийтийн болон хувийн ихэнх орон сууц 99 жилийн гэрээтэй байдаг нь “ирээдүйн үеийн иргэдэд шударга байх зарчим”-тай холбоотой гэлээ. Түрээсийн хугацаа дуусахад газар төрд буцаж ирснээр дараагийн үеийн хэрэгцээнд нийцсэн шинэ орон сууцыг шинээр барих боломж бүрддэг. Энэ нь үе хоорондын боломжийн ялгааг багасгаж, нийгмийн давхаргын ялгааг гүнзгийрэхээс сэргийлдэг гэж тэрээр тайлбарлав.
Мөн энэ систем нь байшин, хорооллыг үе үе шинэчилж, дараагийн үеийн хэрэгцээнд тулгуурласан орчин бий болгоход эерэг нөлөөтэй. Иймээс түрээсийн хугацаа богино үлдсэн байрнуудыг залуу гэр бүл авахыг санаатайгаар хязгаарлаж, санхүүгийн эрсдэлийг бууруулах бодлого хэрэгждэг. Одоогийн байдлаар HDB хэрэглэгчдийн ихэнх нь 95 нас болон түүнээс дээш нас хүртэл хангалттай хугацааг хамарсан түрээсийн үлдэгдэлтэй сууц эзэмшдэг байна.
Эх сурвалж:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна