Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 2, 3, 5, 6, 7 дугаар орон сууцны барилгуудыг буулган, дахин барих төслийн сонгон шалгаруулалтыг 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зарлаж, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Саруул оч” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан билээ.
Өнөөдөр /2025.10.09/ “Саруул оч” ХХК оршин суугчидтай албан ёсны уулзалт зохион байгуулж, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөлөл захиалагчийн хяналтын зүгээс оролцлоо.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс барилга угсралтын ажлын А даалгавар батлагдсан бөгөөд барилгын скиз зураг боловсруулах бэлтгэл ажил хангагдаж байна. Скиз зураг батлагдсаны дараа шинэ орон сууцны 1 м²-ын үнэ тодорхой болж, оршин суугчдад хөнгөлөлттэй нөхцлөөр байр олгох боломж бүрдэх юм.

Барилгын нураалтын ажлыг 2026 оны 3 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг ажлын хугацаа, хэрэгжилт нь иргэдийн нэгдэл, идэвх, оролцооноос шууд хамааралтайг онцлоллоо. Мөн төсөл хэрэгжүүлэгч компани хуучин байрны хэмжилтийг тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн хэмжилтийн байгууллагаар хийлгэх ажлыг хариуцан хэрэгжүүлнэ.

Уулзалтын үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөлөл сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, үнэлгээний аргачлалыг нээлттэй мэдээллээ. Тус хороонд оршин суугчдыг төлөөлж байр тус бүрээс хоёр иргэн, нийт 12 иргэн оролцож, төслийн материалуудыг үнэлэх үйл явцад оролцжээ.
Түүнчлэн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д хэрэгжиж эхэлсэн 15 төслүүдийг танилцуулсан бөгөөд захиалагчийн хяналтын үүргийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч болон сууц өмчлөгчдийн хоорондын харилцаанд хууль, эрх зүйн хүрээнд хяналт тавьж, зохицуулалт хийх юм.

Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн:
“Төсөл хэрэгжүүлэгч болон иргэд тохиролцох боломжгүй нөхцөл үүсвэл иргэдийн санал, дүгнэлтэд үндэслэн Улаанбаатар орон сууцжуулалт ХХК төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан хариуцлагын гэрээг цуцлах бүрэн эрхтэй. Иймд иргэд сайн ярилцаж, хамтарч нэгдмэл байр суурьтай байх нь хэрэгтэй” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна