Утас : 70101660

БАРИЛГЫН САЛБАРЫН ДОТООДЫН ТОМООХОН КОМПАНИУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОЖ БАЙНА

Админ
2025/08/18

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн удирдлагууд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлыг цогцоор нь, нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Ингэснээр хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг жишиг болохуйц төлөвлөх боломжтой гэж үзэж байгаа юм.

Тиймээс энэ долоо хоногийг “БАРИЛГЫН САЛБАРЫН ДОТООДЫН ТОМООХОН КОМПАНИУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ” өдрүүд болгон зарлаж, уулзалтуудаа эхэллээ.

Өнөөдрийн тухайд, NCD Group-ийн удирдлагууд, ерөнхий архитекторын хамт хүрэлцэн ирж хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр байгууллагын зүгээс шилжиж ирсэн, цогцоор нь дахин төлөвлөх боломжтой байршлуудыг танилцуулж, дахин төлөвлөлтийн явцад “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК ямар оролцоотой байдаг, төслийг амжилттай явуулах тал дээр өөрсдийн зүгээс ямар дэмжлэг үзүүлдэг зэрэг нэмэлт мэдээллийг өгсөн юм.

Харин NCD Group-ийнхний зүгээс, “дахин төлөвлөлтийн ажилд хотын өнгө үзэмж, оршин суугчдын ая тухтай байдал зэрэг бүх талыг бодолцож санал тавьж байгаа та бүхэнд баярлалаа. Төрийн үйлчилгээ талаасаа шинэлэг, алс хэтээ бодсон төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж харж байна. Манай байгууллага бүх төслүүдээ ижил төстэй биш, шинэлэг давтагдашгүй байхаар төлөвлөж ажилладаг. Тиймээс та бүхний саналыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлмээр байна” гэсэн юм.

NCD Group нь 2002 онд байгуулагдан барилга угсралт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2008 оноос хойш орон сууцны томоохон цогцолбор төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, 737 айлын “Өнөр” хотхон, 382 айлын “Ривер гарден” хотхон, 360 айлын “Ривер гарден 2” зэрэг Монголын анхны ногоон хотхоны төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай компани юм.

Цогцоор нь дахин төлөвлөснөөр дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбайг иж бүрэн шийдэх боломж бүрдэж амьдрах орчны чанар сайжирч, оршин суугчдад илүү ээлтэй нөхцөл бүрдэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна