Утас : 70101660

ЯПОН УЛСЫН LIB WORK КОМПАНИЙН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ 3D ХЭВЛЭСЭН БАЙШИН ЦЕМЕНТ БИШ, ХӨРС АШИГЛАДАГ БӨГӨӨД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЛГЭЭ АВЧЭЭ

Админ
2025/08/11

Японы Lib Work компани хөрсийг үндсэн түүхий эд болгон ашигладаг 3D хэвлэх технологио танилцуулсан бөгөөд тус компанийн Lib Earth House Construction нь том хэмжээний 3D хэвлэх төхөөрөмж ашиглажээ. Цемент ашиглан бетоноор барихын оронд тус байшин нь хөрс, шохой (slaked lime), байгалийн ширхэгт материалын патентлагдаж буй холимог материалыг ашигладаг.

Энэхүү холимог нь эртний wattle and daub (мод, хулс, эсвэл нарийн мөчрөөр тор сүлжиж ханын каркас хийж шавар, хөрс, сүрэл, малын баас, шохой зэрэг байгалийн холимгийг тэр торон дээр нааж хана бүрэх) барилгын техник болон материалтай адил бөгөөд түүхэндээ ийм төрлийн байшин 700 хүртэл жил хэрэглэгдэж байжээ.  Тиймээс зөв хийц, технологиор барьсан тохиолдолд “шавар” байшинд амьдрах нь ямар нэг эргэлзээтэй зүйл биш юм. Энэхүү барилга нь Японд хэрэглэгддэг газар хөдлөлтийн эсэргүүцлийн 3-р зэрэглэлтэй тэнцэх бат бөх чанартай гэдгийг Lib Work компани онцолжээ. 3-р зэрэглэл нь Японд барилгын газар хөдлөлтийн эсэргүүцлийн ХАМГИЙН ӨНДӨР үнэлгээ юм.

Lib Work жилийн өмнө анхны Lib Earth барилгаа танилцуулж байсан ч тэр нь жижиг овоохой маягийн байшин байв. Харин саяхан танилцуулсан Lib Earth Model B нь илүү орон сууцны шинжтэй, боловсронгуй загвартай болсон байна.

БАЙШИНГИЙН МАТЕРИАЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН НӨЛӨӨ

Lib Work-ийн мэдээлснээр тэдний 3D хэвлэх барилгын холимог материалын 65%-ийг хөрс ба элс, үлдсэн хэсгийн дийлэнхийг шохой, бага хувийг байгалийн ширхэгт болон бусад нэмэлт материал эзэлдэг.

Тус компани CO₂ (нүүрстөрөгчийн дан исэл) ялгарлын тооцоолол хийжээ. Тэдний үзэж буйгаар “хөрс, шохой, байгалийн ширхэгт” гэх дэлхийд элбэг байдаг түүхий эдийг ашиглаж, цементээс татгалзсанаар нэг байшин барих үеийн CO₂ ялгарлыг эрс бууруулж чаджээ. Жишээ нь, ердийн ижил хэмжээтэй байшин барихад ойролцоогоор 45,000 кг CO₂ ялгаруулдаг бол шинэ 3D хэвлэх технологи, тогтвортой материал ашигласнаар энэ хэмжээ 22,434 кг болж хоёр дахин багасдаг. Энэ нь модон байшингаас ч илүү байгальд ээлтэй үзүүлэлт гэж тус компани онцолж байна.

Орчуулсан: Г.Энхгэрэл

Эх сурвалж:

https://www.tomshardware.com/3d-printing/eco-friendly-3d-printed-house-uses-soil-not-cement-building-still-scores-top-earthquake-resistance-rating?utm_source=chatgpt.com

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна